2010-10-16

Өнгөний сэтгэл зүй

Та ямар өнгөнд дуртай вэ?

Хүний амьдралын ээлжлэн өнгөрөх өдрүүд олон янзын өнгөөр дүрслэгддэг. Сэтгэл санааны тайван байдал, амьдралаас авч буй сайхан мэдрэмжүүд, сэтгэлд хоногшсон дурсамж гээд бүхий л зүйл өнгөтэй холбогдон ой санамжинд үлдэж, дурсагдана. Магадгүй сэтгэл дундуур байх үеийн мэдрэмжүүд ч зарим нэг өнгөөр тодорхойлогддог. Тиймээс сэтгэл судлаачид өнгийг хүний сэтгэл зүйд шууд болон шууд бусаар нөлөөлдөг хэмээн эерэг болон сөрөг нөлөөллийг тодорхойлжээ.


Өнгөгүйгээр ямар ч зүйл оршин тогтнож чадахгүй...

Өнгө бүхэн өөрийн онцлогтойгоос гадна янз бүрийн нөлөөллийг бидэнд үзүүлдэг. Дэлхий дээрх бүхий л зүйлс өөрийн гэсэн өнгө, хэв маяг, донжийг агуулсан байдаг бөгөөд үүнд өнгө хамгийн их нөлөөг үзүүлдэг. Өнгөнүүд тус бүртээ юуг илэрхийлж, хүний сэтгэл зүйд яаж нөлөөлдөг талаар олон судалгаа, туршилтууд байдаг. Өнгийг МЭӨ 1550-аад онд эртний Египетэд судалж байсан бол 2000 жилийн тэртээ Хятадад судалж байжээ.

Бүтээлч сэтгэлгээний илэрхийлэл шар өнгө юм

Шар өнгө амжилт, аз жаргал, оюун ухаан, сэтгэн бодох чадвар, авъяасыг билэгддэг. Дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг. Сонин содон байдал, бүтээлч сэтгэлгээ, гэнэн, шийдэмгий, бардам байдлын илэрхийлэл нь шар өнгө юм. Нарны өнгө болоод ч тэр үү хөгжилтэй, томоогүй, хөдөлгөөнтэй зүйлсийг төлөөлөхөөс гадна шар өнгийг зонхилон сонгодог хүн бусдын анхаарлын төвд байхыг эрмэлздэг, уян хатан, хөгжилтэй нэгэн байх талтай.

Улаан өнгө эрч хүчийг илэрхийлнэ

Халуун дулаан буцалсан эрч хүч хийгээд дарангуйлал, түрэмгийллийн өнгө юм. Ерөнхийдөө эрч хүчтэй өнгө тул цусан улаан, уур хилэнтэй гэх мэтээр харгислалыг ч бэлгэдэх нь бий. Хэрэв таны сонголтонд улаан өнгө зонхилдог бол та зоригтой, шийдэмгий, эрх мэдэл, нэр хүндтэй, бусдыг захирах дуртай, өөртөө итгэлтэй, идэвхтэй, эрч хүчтэй байж болох юм. Энэ өнгө нь зарим үед анхаарал татахаас гадна урам зориг өгөх, сөргөлдөөн, мөргөлдөөнийг үүсгэх талтай. Улаан өнгө нь ноёлогч өнгө тул онцгой чухалчлах зүйлд ихэвчлэн хэрэглэгддэг бөгөөд цагийн баримжааг алдуулж түгшүүртэй байдлыг бий болгон, дур хүслийн өдөөх талтай байдгаас зугаа цэнгээний газруудад ихэвчлэн зонхилдог.

Хөх өнгийг нээлттэй хүмүүс таашаадаг

Хөх өнгө ганцаардал, уйтгар гуниг, итгэлцэл, үнэнч байдлыг илтгэдэг. Мэдрэлийн системийг амраахаас гадна, оюун ухаанд сайнаар нөлөөлдөг. Энэ өнгөнд мөрөөдөмтгий, хүмүүстэй нээлттэй харилцаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, саад тотгороос айдаггүй ч сэтгэл хөдлөлөө нуун далдалдаг хүмүүс дуртай байдаг.

Үхэшгүй мөнхийн бэлгэдэл ногоон өнгө

Хүчирхэг байдал болоод итгэл найдвар, хуучинсаг үзэл, энх амгалан, баян чинээлэг, үхэшгүй мөнхийн бэлгэдэл болдог ногоон өнгө хүн бүхэнд тайван байдлыг бэлэглэх увидастай. Энэ өнгөнд дуртай хүнийг хувийн зохион байгуулалт сайтай, сандарч тэвдэж байсан ч тайван харагдаж чаддаг гэж тодорхойлж болно. Тэд ямар ч тохиолдолд биеэ бариж чаддаг.

Оньсого мэт хар өнгө

Нэг талаас итгэлтэй үнэн бат бөх чанар, хашир хянамгай байдал, хүч чадал, эрх мэдэл нөгөө талаас уй гашуу, оньсого мэт байдлыг илтгэдэг өнгө юм. Хэрэв таны сонголтод энэ өнгө зонхилдог бол таныг гадаад ертөнцөөс тусгаарлагдмал байх хүсэлтэй, бардам, ухаалаг, хошигнох чадвартай, өвөрмөц бие хүн төдийгүй нөхөрсөг, хөгжилтэй сонирхолтой,нэгэн хэвийн байдалд дургүй хүн гэж сэтгэлзүйчид тодорхойлжээ.

Шударга хүмүүс цагаан өнгөнд дуртай

Цэвэр ариун, гэнэн байдал болон өвөрмөц хээнцэр ганган, баян тансаг байдал хийгээд шунал тачаалын өнгө юм. Шударга зантай, итгэл даадаг, өөртөө бусдыг татдаг, тусархаг, зарчимч, тогтвортой хүмүүс цагаан өнгөнд дурлаж, энэ өнгийг зонхилон сонгодог аж.

Хамгийн сэтгэл хөдөлгөм өнгө бол ягаан

Хамгийн сэтгэл хөдөлгөм болоод нинжин зөөлөн, гэнэн, хөнгөн, итгэмтгий байдлын илрэлээс гадна тайвшруулан нойрсуулдаг өнгө юм. Ягаан өнгө урам зоригтой, энхрий, итгэмтгий гэмгүй зан байдлын зэрэгцээ тэмцэл өрсөлдөөнд дуртай, найдвар мөрөөдлөөр дүүрэн сэтгэлтэй, бие даан шийдвэр гаргах дургүй, хөнгөмсөг зан байдлыг агуулдаг.

Бор өнгөнд дурлагсад хайхрамжгүй зантай байдаг

Бат бөх, итгэл найдвартай болон аливаа зүйлийн бодит байдлын илрэл болдог өнгө юм. Бор өнгө нь байгалийн шинж чанартай өнгө тул дасан зохицох чадвар сайтай, олны дунд байх сонирхолтой, заримдаа хэтэрхий энгийн байдлыг бий болгодог, анхаарал хайхрамж муутай хүний зан байдлыг илэрхийлдэг.

Эсрэг тэсрэг байдлыг саарал өнгө илтгэнэ

Хэрэв таны сонголтонд саарал өнгө зонхилдог бол бусдаас өөрийн мөн чанараа нуухыг эрмэлзсэн, албархуу, сэтгэл хөдлөлгүй, нэг талаас эрх чөлөөтэй байдлын, нөгөө талаас түүний эсрэг хаалттай байдлын илэрхийллийг агуулдаг

Сэтгэл судлаач Х.Хандсүрэн-ийн нийтлэл


No comments:

Post a Comment