Хүний амьдралын ээлжлэн өнгөрөх өдрүүд олон янзын өнгөөр дүрслэгддэг. Сэтгэл санааны тайван байдал, амьдралаас авч буй сайхан мэдрэмжүүд, сэтгэлд хоногшсон дурсамж гээд бүхий л зүйл өнгөтэй холбогдон ой санамжинд үлдэж, дурсагдана. Магадгүй сэтгэл дундуур байх үеийн мэдрэмжүүд ч зарим нэг өнгөөр тодорхойлогддог. Тиймээс сэтгэл судлаачид өнгийг хүний сэтгэл зүйд шууд болон шууд бусаар нөлөөлдөг хэмээн эерэг болон сөрөг нөлөөллийг тодорхойлжээ.
Өнгөгүйгээр ямар ч зүйл оршин тогтнож чадахгүй... Өнгө бүхэн өөрийн онцлогтойгоос гадна янз бүрийн нөлөөллийг бидэнд үзүүлдэг. Дэлхий дээрх бүхий л зүйлс өөрийн гэсэн өнгө, хэв маяг, донжийг агуулсан байдаг бөгөөд үүнд өнгө хамгийн их нөлөөг үзүүлдэг. Өнгөнүүд тус бүртээ юуг илэрхийлж, хүний сэтгэл зүйд яаж нөлөөлдөг талаар олон судалгаа, туршилтууд байдаг. Өнгийг МЭӨ 1550-аад онд эртний Египетэд судалж байсан бол 2000 жилийн тэртээ Хятадад судалж байжээ.